Анх блог яагаад нээснээ саналаа. Хүмүүстээ санал бодлоо хуваалцах гэж өөрйинхөө дуу хоолойг хүргэх гэж.
Нэг ээж охин хоёрын тухай түүх би өмнө нь бичиж байсан. Үнэхээр туслаад энэ хоёрын төлөө гээд явбал амьдралыг нь өөрчилж чадна аа гэж итгэсэндээ.
Ээж нь охиндоо хайртай, хамт байна, өөрөө өсгөнө гэж зүтгэж байгааг нь би өнөөдрийг хүртэл дэмжиж байлаа. Хүүхэд нь сайн айлын нохой, загаснаас доор, гудамжны архичин, орон гэргүй хүнээс дээр амьдарч байгаа ч ээжтэйгээ л байвал инээж ханиагаад аз жаргалтай гэж боддог байлаа.
Гэтэл ээжид нь захын согтуу эрэгтэй хүүхэд "Чи хүүхдээ тоодоггүй, анхаардаггүй биз дээ" гэж агсамнаж байна. Өнөөдөр дөнгөж нэг нас хүрсэн тэр охин Улаанбаатар хотын нэг том зах дээр плитан шалан дээр өвөл зунгүй суулгаж өсгөсөн гээд бодохоор л. Нус нь гоожихоос өөр өвчингүй ч охины биед ямар өвчиний үр сууж байгаа бол гэж бодоход л аймар байна.
Нэн тэргүүнд хүүхдийн эрх, тэр эрхийг нь хангах гэдэг асуудлыг тавих ёстой. Охин алдрай нялх насаа эрүүл аюулгүй, архигүй орчинд өнгөрөөх ёстой. Дулаахан гэрт, зөөлөн хөнжил дээр таван хошуу болоод хацраа бумбайлгаад, зөөлөн зөөлөн амьсгалаад унтаж байх ёстой. Хүүхэд бүр шүү дээ.
Миний хайртай үр шиг л тайван бумбайгаад унтаж байгааг нь хараад л энэ хүүхдийн эрх ашгийг нас биед хүрсэн эрүүл саруул ухаантай би бодох ёстой гэдгийг ойлголоо. Аливаа муу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч байгаа хүн тэр муу үйлийг хийгчтэй адилхан байдаг гэдэг. Магадгүй миний энэ дэлхийд өвөртөлж ирсэн үүргүүдийн нэг нь яг энэ цаг хугацаанд амьдарч байгаа, өөрийгөө авч явах ямар ч чадваргүй тэр нэгхэн настай нялх охиныг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах гарцыг нь нээх ч юм билүү. Магадгүй энийг уншиж байгаа та зөвхөн энэ хүүхдэд туслах ёстой болоод л яг одоо харчихсан суугаа ч юм билүү.
Охины ээж жирийн нэг тусалж дэмжих хүнгүй, нэн ядарсан, орон гэргүй хэдий ч ажилсаг охин биш юм байна. Харин харанхуй шөнөөр ч гадуур хэрэн тэнүүчилдэг, архидалт, замбараагүй самуурал, тэнэмэл хүүхдүүд, гэмт хэрэг үүрлэсэн орчинд, хүрээлэлд амьдардаг тэрнээсээ салах дургүй хүн юм.
Би анхнаасаа охиныг улсын цэцэрлэгт өгүүлэх гэж, дараа нь ээж охин хоёрт унтах газар олох гэж, сүүлдээ түрээслэх подволь олж өгөх гэж, бүр давраад гэртээ болгох гэж энд тэнд очиж хөөцөлдөж явлаа.
Харин одоо миний энд бичсэнийг уншаад тэр жаахан охиныг бүтэхгүй ээжээс нь салгаж аваасай, төр халамжиндаа авч өсгөөсэй гэж хүсч байна. Би охины ээжтэй нэгэнт холбогдсон хүн учраас өөрөө тэр хоёрыг салгаж чадахгүй, тэгэхийг хүсэхгүй байна. Харин төр халамж хэрэгтэй хүнээ таньж халамжлаасай, албадаад халамжиндаа аваасай, болдог бол.
Охины ээж засал авахгүй, энгийн амьдралд дасан зохицох чадваргүй, мэдрэмж маш муутай хүн байна гэдгийг ойлголоо.
Нэг настай жаахан охин ээжийн тэр муу муухай хүрээллээс болж хохирох вий, ямар нэгэн муу зүйл тохиолдох вий. Тохиолдох вий ч гэж зүгээр л цаг хугацааны хэрэг юм байна. Өнөөдөр үү, маргааш уу гэхээс л биш.
Санал асуулга:
1.Хүүхэд орон гэргүй, гудамжинд маш хүнд нөхцөлд ээжтэйгээ хамт 24 цагийн 15 цагийг нь гадуур тэнэж өнгөрөөх дээр үү?
2.Төрийн халамжинд дулаахан байранд, хоол ундтай, эмчийн хяналтан дор өсөх дээр үү?